Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны Англи-Монгол шинэ толь бичиг гаргажээ


Нийтэлсэн: Admin. 2020-07-08


Card image cap

Монголын гаалийн ажилтнуудад зориулсан “Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны “Англи-Монгол тайлбар толь бичиг” гаргасан байна.

Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2013 онд байгуулагдаж, 2017 онд хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ далайд гарцгүй Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болоод байна.

Монгол Улсад Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монголын худалдааг дэмжих-TRAM” төсөл Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо болон Гаалийн ерөнхий газарт дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Тус хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээнд гаргаж буй уг толь бичигт ДГБ-аас 2018 онд шинэчлэн гаргасан “Олон улсын гаалийн нэр томъёоны толь бичиг” болон ДХБ-ын нэр томъёоны цахим толь бичгийн нэр томьёог бүхэлд нь багтаажээ. Мөн НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос 2019 онд гаргасан “Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны англи, орос, хятад глоссари” /3 дахь хэвлэл/, бусад эх сурвалжаас зарим нэр томъёог энэ толь бичигт түүвэрлэн оруулсан байна.

Уг ном гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага төдийгүй гадаад худалдаанд хяналт тавин ажилладаг төрийн байгууллагын ажилтнууд болон гаалийн ажилтнууд, оюутан сурагчдын ширээний ном болох юм. 

 

Эх сурвалж: Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг

https://www.montsame.mn/mn/read/230700